Зохиогчийн тухай

Зохиогчийн тухай

          Цэрэнсодномын БАЗАРРАГЧАА /DDS,. PhD/ Шүдний эмч, хүүхдийн шүдний гажиг засалч, тулгуур эдийн эмч,  амны хөндийн нян судлаач. Лектор. Японы тулгуур эдийн холбооны гишүүн.

Ц.Базаррагчаа нь Монгол хүний шүдний өвчлөл, хүн амын  шүдгүйдлийн үндсэн шалтгаан, түүнийг оношлох, эмчлэх шинэ арга технологи ялангуяа шүдний зөөлцийн үрэвсэл, эндодонт, шүдний тулгуур эдийн үрэвслийн чиглэлээр 26 жил  эмчилгээ  болон шинжлэх ухааны судалгаа шинжилгээ тасралтгүй хийсэн, амны хөндийн нян

  судлалаар  мэргэшсэн нарийн мэргэжлийн шүдний эмч юм.     

Нэг.Боловсрол

  • 1993 онд АУДэС-ийг  шүдний их эмчээр төгсч Япон улсын Окаяамагийн шүдний Их Сургуульд :
  • 1993 онд шүдний эрүүл ахуй,
  • 1994 онд шүдний эмчилгээ,
  • 1995 онд хүүхдийн шүдний эмчилгээ,
  • 1996 онд хүүхдийн шүдний гажиг заслын  мэргэшүүлэх сургалтад  тус тус хамрагдсан.
  • 1997-2001 Япон улсын Окаяамагийн шүдний Их Сургуульд шүд цоорол, амны хөндийн микробиологийн чиглэлээр докторын зэрэг  хамгаалсан.
  • 2017-2018  Харвардын Анагаахын  сургуулийн Т2Т хөтөлбөрт хамрагдсан.

                  Хоёр. Ажлын туршлага

  • 1993-1994 АУИС-ийн НАС-ийн танхимд  согог заслын  багш,
  • 1994-1997 ГХО  шүдний эмнэлэгт  шүдний их эмч,
  • 1997-1998 Окаяамагийн ШИС-ийн хүүхдийн шүдний тэнхимд эмч-судлаач,
  • 2001-2003 Окаяама шүдний их сургуульд микробиологийн лабораторийн ахлах мэргэжилтэн, төслийн удирдагч
  • 2004-2014 “Танадент” шүдний эмнэлэгт эмч, ерөнхий эмчээр  тулгуур эдийн хүндрэл, шүдний зөөлцийн хурц ширхэглэгт, томролтот хэлбрийн эмчилгээ, буйлны үрэвслийн  хүнд хэлбрийн  эмчилгээгээр дагнан ажилласан.
  • 2009- 2017  МХХЭМБНХ-ны НАСС-ын ерөнхий мэргэжилтэн, сургагч багш,
  • 2016  “Шүд, буйлыг хамгаалах төсөл” ТББ-ын тэргүүн.
  • 2017 Амны хөндийн нянгийн микроскоп оношлогоо, шүдний эмчилгээний зөвлөх үйлчилгээ, сургалтын үйл ажиллагаа
  • 2004-2012 хүүхдийн шүдний болон шүдний ерөнхий эмчилгээтэй холбоотой 10 гаруй эмчилгээ, үйлчилгээний түгээмэл үйлдлийн стандартыг батлуулсан.

     Гурав. Эрдэм шинжилгээ, судалгааны  ажил

     Ц. Базаррагчаа нь шүд цоорох өвчин үүсгэх нянгийн судалгааны ажлын үр дүнд Тооноос чанарт шилжих “Behavioral Bacterial Theory“ шинэ онол дэвшүүлэн гаргасан нь шүд цоорох өвчний эмгэг жам, механизмыг тайлбарлах, танин тогтоох  онолын болон эмнэлзүйн ач холбогдолтой юм.

Ц.Базаррагчаа нь шүдний эмчээр ажиллахын зэрэгцээ өндөр хөгжилтэй улс орнуудын шүдний эмчилгээний арга, технологи, монгол хүний шүдний эмчилгээний онцлог, өвчлөлийн тавилан, эмгэг жамыг харьцуулан судалж зөвхөн монгол хүний шүдэнд тохирсон  эмчилгээний арга, эм, бэлдмэл байх нь  оновчтой гэдэг үзэл баримтлалыг барьж иржээ.20 гаруй судалгааны ажил  хийсэн байна.Эдгээрээс заримыг дурдвал:

      • Улаанбаатар хотын 12 настай 160 монгол хүүхдийн дунд шүд цоорох өвчний идэвхийг  олон улсын SIC  индексийн аргаар тодорхойлох  судалгааны ажил /2010/
    • буйлны үрэвслийн эсрэг сонгомол үйлчлэлтэй “Жинжита” бэлдмэл гарган авахтай холбоотой хэд хэдэн бие даасан судалгааны ажил   /2001-2013/
    • шүдний сурвалжийн сувгийн ханыг зөөлрүүлэх, ариутгагч EDTATA-17, EDTATA-19 шингэн бэлдмэл  гарган авах судалгааны ажил /2008-2012/
    • 2-5 насны 458 хүүхдэд шүдний гажигийн эрт үеийн үүсэлтийн судалгаа
  • УБ хотын 6-9 настай 1376 хүүхэд дээр  шаамий зуултын тархалтын судалгаа /2009-2011/
    • бага насны хүүхдийн шаамий зуултыг  эрт үед нь засах  МВС/3 зэмсэг  гарган авах судалгааны ажил

 

                Шүдний эмчилгээний өдөр тутам хэрэглэгддэг зөөлц /мэдрэл/-ийн үрэвслийг эмчлэх асуудлыг шийдсэн.Гүн цоорол болон, үрэвссэн зөөлцийг эмчлэхдээ дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын өдөр тутмын хэрэглээ болсон МТА /Mineral tricalcium aggregate/-г хэрэглэх, эмчилгээний арга технологийг шинэчлэн боловсруулсан.Үрэвссэн эд, эсийг үхүүлэх  эсвэл шүдийг авах байдлаар сүүлийн 60 гаруй  жил  хийж байгаа аргыг халж амьд эд, эсийг  хадгалж авч үлдэн, эмчилж, нөхөн төлжүүлэх “Цус гаргахгүй эмчлэх язгуур арга” боловсруулсан.Энэ аргаараа 2007-2012 онд  570  хүний шүдийг 98,8%-ийн үр дүнтэй эмчилсэн байна.

                      

Ц.Базаррагчаагийн боловсруулсан эмчилгээний арга, судалгааны ажил, инновацийн  бүтээлүүд  нь:

-шүдний бүх төрлийн эмчилгээ үйлчилгээг сайжруулж олон улсын түвшинд  ойртуулах, шүдний эмчилгээний хуучирч хоцорсон  арга технологийг өөрчлөх,

-шүд цоорол, цоорлоос улбаатай хүндрэл,  шүдний тулгуур эд болон буйлны үрэвслийн хүндрэлээс урьдчилан сэргийлэх, эрт үед нь төгс эмчлэх, нөхөн сэргээх, эмчилгээг төгс хийх,  шүд авалтыг багасгах,  шүдгүйдэлд хүрэхээс сэргийлэх, хүнийг өөрийн төрмөл  шүдтэй байлгахад чиглэсэн байна.

 Ц.Базаррагчаа нь шүдний эмчилгээ,  оношлогоонд чанарын өөрчлөлт оруулж  амны хөндий дэх нян, бактерийг оношлох микроскоп оношлогоог нүүр ам судлалын салбарт анх удаа хэрэгжүүлсэн. 

УБ хот төдийгүй төвлөрөл ихтэй бүс, аймгийн төвүүдэд  нэвтрүүлэх, эмч нарт  зааж сургах зорилготой судалгааны ажил хийгдэж байна.

Дөрөв.Төгсөлтийн дараах давтан сургалт

2009 оноос  өөрийн хийсэн судалгааны ажил болон эмнэлзүйн үр дүнд тулгуурласан шүдний эмчилгээний дэвшилтэт, арга технологийг эзэмшүүлэх, тэргүүлэгч улсуудын судалгааны үр дүн, эмчилгээний загвар, хандлагыг танилцуулж нэвтрүүлэх зорилгоор сургалт явуулж  2019.06 сарын байдлаар 800 гаруй шүдний эмч  эмч хамрагдсан байна.

 

Тав.Нийгмийн  хариуцлага, ЭМ боловсролыг  дээшлүүлэх  талаар 

Ц.Базаррагчаа нь 2008 онд 3 ба 6 настай хүүхдүүдийг шүд цоорлын өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх “330:660” үндэсний  хөтөлбөр боловсруулж ЭМЯ-нд өргөн барьсан.

2011 онд АШУИС-ын НАССургуулийн нэр дээр “Шүд цоорох өвчнийг оношлох оношлуурын лаборатори байгуулах төсөл” боловсруулсан нь БШУЯ-ны инновацийн сангийн  шилдэг төслөөр  шалгарч байжээ.

2012 оны ШУ-ны  “Өрөг” төсөлд “Монгол шүдний сойзны төсөл”-өөрөө шилдэг  бүтээлд  шалгарч байсан.

Буйлны үрэвслийн хор аюулын талаар ХМХ-ийн бүхий л хэлбрээр таниулга, мэдээлэл өгч амны хөндийн эрүүл мэндийн сургалт,  амны хөндийн үзлэг жил бүр хийж байна.